01-р сарын Уур амьсгалын тоймWeather review of January Нэгдүгээр сарын агаарын температурын олон жилийн дундаж нь Увс, Завханы хойд, Хөвсгөлийн баруун хойд хэсгээр 29-34, Увс, Завханы өмнөд, Баян-Өлгийн өмнөд, Ховд, Баянхонгорын хойд, Хөвсгөл, Төв аймгийн зүүн, Архангайн баруун хэсэг, Сэлэнгийн нутгаар 23-28, Өмнөговийн нутаг, Говь-Алтай, Баянхонгор, Дорноговийн өмнөд хэсэг, Цэцэрлэг, Арвайхээр орчмоор 11-16, бусад нутгаар 17-22 градус хүйтэн байдаг /1 дүгээр зураг/ боловч сүүлийн 20 гаруй жилийн байдлаар 1981, 1984, 2000 онуудад ихэнх нутгаар, 1990, 2001 онд нутгийн зүүн хагаст, 1996, 2005 онд нутгийн баруун хагаст олон жилийн дунджаас 2-6 градусаар хүйтэрч, шөнийн үнэмлэхүй бага температур Увс, Хөвсгөл, Завханы хойд хэсгээр 47-52, бусад нутгаар 36-44 градус хүрч хүйтэрсэн бол 1982, 1985, 1986, 1989, 1992, 1994, 1999, 2002 онуудад ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-4 градусаар дулаан байж, өдөртөө Увс, Завхан, Баянхонгор, Хэнтийн хойд, Төв, Сэлэнгийн зүүн хэсгээр 0-5 градус хүйтэн, бусад нутгаар 2-7 градус хүрч дулаарч байжээ. Энэ сард олон жилийн дунджаар ихэнх нутгаар 1-6 мм цас ордог /2 дугаар зураг/ боловч 1980, 1982, 1993, 1995, 1999 онуудад ихэнх нутгаар, 1984, 1992 онуудад нутгийн баруун хагаст тун бага цас орсон бол 1987, 2002 онд төв, говь, зүүн зүгийн нутгаар, 1990 онд говь, зүүн зүгийн нутгаар, 2001, 2003 онд баруун, төв, зүүн зүгийн нутгаар олон жилийн дунджаас 1-4 дахин их цас оржээ. Олон жилийн дундаж байдлаар говийн нутгаар 1-4, баруун ба төвийн нутгийн хойд хэсгээр 10-15, бусад нутгаар 4-9 см зузаан цас тогтдог боловч цас их орсон жилүүдэд цасны дундаж зузаан 40-45 см-т хүрч мал өвөлжилтийн байдал онцгой хүндэрч байжээ. Салхи 15 м/с-ээс хүчтэй болох тохиолдол жил бүр 1-3 удаа ажиглагддаг. Сүүлийн жилүүдэд ажиглагдсан салхины үнэмлэхүй их хурд 1990, 1994, 1996 онуудад Ховд, Говь-Алтай, Өмнөговь, Төв, Дундговийн нутгаар 20-28 м/с хүрч хүчтэй цасан шуурга шуурч байжээ. 1 дүгээр зурaг 2 дугaaр зурaг |