Монгол орны дулааны улирлын уур амьсгалын тойм 

Олон жилийн дундаж байдлаар агаарын температурын сарын дундаж нь тавдугаар сард есдүгээр сартай ойролцоо байдаг бөгөөд говийн нутгаар 15-18, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулсаар 5-10, бусад нутгаар 10-14 градус дулаан байдаг бол зургаа, наймдугаар сард говийн нутгаар 19-24, Завхан, Говь-Алтай, Хөвсгөл, Төв аймгийн хойд хэсгээр 10-14, бусад нутгаар 15-19 градус дулаан байдаг. Харин тавдугаар сард агаарын температурын хэлбэлзэл их, салхи шуурга элбэг, хур тунадас есдүгээр сараас бага ордог онцлогтой. Тухайлбал; салхины хурд 1991 онд Увс, Говь-Алтайн нутгаар 28-34 м/с, 1993 онд Говь-Алтай, Баянхонгор, Хэнтий, Сүхбаатар, Өмнөговь, Дорноговийн нутгаар 30-40 м/с хүрч хүчтэй цасан ба шороон шуурга шуурч байжээ. Түүнчлэн агаарын температур 1984, 1986, 1992, 2000 онд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 2-3 градусаар дулаан байсан бол 1995 онд бүх нутгаар 2-3 градусаар хүйтэн байжээ.

Тавдугаар сард хур тунадас Хангайн нурууны ар тал, Эрээний нуруу болон Орхон, Сэлэнгийн сав нутгаар 20-32, Их нууруудын хотгор, Олон нууруудын хөндий, Алтайн өвөр говиор 1-9, бусад нутгаар 10-19 мм ордог бөгөөд 1988, 2002, 2003 онд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-3 дахин их бороо орсон бол 2004 онд ихэнх нутгаар тун бага бороо оржээ. Харин зургадугаар сард наймдугаар сараас харьцангуй бага хур тунадас ордог бөгөөд Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 48-75, говийн нутгаар 7-18, бусад нутгаар 20-45 мм бороо ордог бөгөөд сарын сүүлчээр үргэлжилсэн хүйтэн бороо орох тохиолдол цөөнгүй байдаг. 

Дулааны улирлын хамгийн дулаан бөгөөд их бороотой сар болох долдугаар сарын агаарын температурын дундаж нь Алтайн өвөр говь, говийн болон зүүн зүгийн ихэнх нутгаар 22-27, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулсаар 13-15, бусад нутгаар 16-20 градус дулаан байдаг. Энэ сард төвийн ихэнх нутаг, зүүн зүгийн нутгийн баруун хэсгээр 70-110 мм бороо ордог боловч 1980, 1981, 1988, 2000-2002 онд ихэнх нутгаар тун бага бороо орж, гантай байсан бол 1990, 1993, 1994 онд ихэнх нутгаар, 1997-1998 онд нутгийн төв хэсгээр, 2003 онд нутгийн баруун хагаст олон жилийн дунджаас 1-3 дахин их бороо орж байжээ.

Долоо, наймдугаар сард их хэмжээний газар нутгийг хамарсан салхи шуурга тохиолдох нь ховор боловч аянга цахилгаантай аадар борооны өмнө салхи түр зуур 24-28, зарим үед 30 м/с-ээс давах тохиолдол гардаг. Мөн наймдугаар сард уулархаг нутаг болон газар тариалангийн бүс нутгаар намрын эхний цочир хүйтрэлт ажиглагддаг.  

Есдүгээр сард хур тунадасны хэмжээ эрс багасч, харин цочир хүйтрэлт ажиглагдах тохиолдол нэмэгддэг онцлогтой.

Áóöàõ